“Mongol kino VOD” компани нь АНУ-ын “Nelsen Madison” кино компанийн охин компани болох Indie Rights олон улсын дистирбьютер компанийн Монгол дахь албан ёсны түнш, Youtube корпорацийн албан ёсны хамтран ажиллагч болсноор Монголын кино урлагийн хөгжилд нэгэн томоохон шат ахисан үзэгдэл боллоо. “Mongol kino VOD” төсөл хэрэгжсэнээр Монголын кино уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийг олон улсын кино үйлдвэрлэлийн зах зээлд нийлүүлэн дэлхийн томоохон платформууд болох Youtube төлбөрт систем, iTunes, Amazon, Netflix, Hulu Plus гэх мэт нийт 16 платформд байршуулан борлуулах бүрэн цогц үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Ингэснээр манай уран бүтээлчдийн тоглосон, бүтээсэн кино олон улсын кино санд бүртгэгдэж, олон улсын хэмжээнд карьер бий болгох боломж бүрдлээ.
Мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчууд “Mongol kino VOD”-оор дамжуулан эх орондоо шинээр нээлтээ хийж буй кинонуудыг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр, түргэн шуурхай, дуу дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авч үзэх боломжтой боллоо. Энэ талаар “Mongol kino VOD” компанийн захирал Д.Отгонбаяртай ярилцлаа.
-МОНГОЛ КИНО ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ҮҮД НЭЭГДЛЭЭ-
-Энэ жил Монголд кино урлагийн 80 жилийн ой тохиож буй. Монгол кинонуудыг дэлхийн тавцанд гаргаж сурталчлах энэ ажил давхцаж байгаа юм байна?
-Санаандгүй байдлаар энэ ойтой давхцлаа. Үүнийг би их бэлэгшээж үзэж байгаа. 80 жилийн ой болж байхад ийм нэгэн дэвшилтэт технологи нэвтрүүллээ. Би өөрөө мөн компанийнхаа зүгээс Кино академийн гишүүнээр бүртгүүлж байгаа. Цаашид кино урлагийнханд хөгжих боломжийг нь бүрдүүлж өгөхөөр ажиллах болно.
-Боломжийг нь бүрдүүлж өгнө гэлээ. Яг ямар боломж бүрдүүлж өгөх вэ?
-Манайх АНУ-ын “Indie Rights” гээд “Nelsen Madison” кино фильмийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж байна. Ингэснээрээ манай Монголын кинонууд гадаадын зах зээл дээр гарах бүрэн боломжтой болж байгаа. Үндсэн 16 платформд олон улсын зах зээлд гаргаж байна. Үүнээс дурьдвал Google, Youtube, Netflix, Amazon, Amazon cable телевизүүд, мөн АНУ-ын IP телевизүүдээр борлуулалтаа хийж байна.
-Танай компанийн энэ ажил кино урлагт ямар ач холбогдолтой вэ?
-Бид Монголын одоогийн кино урлагийн зах зээлийн байдлыг өөрчилж байна. Одоогоор киночид киногоо зөвхөн Монголдоо борлуулах талаар л бодож байна, яахав зах зээл нь тэллээ гэхэд Эрхүү, Өвөрмонголд л үзүүлдэг. Надад зах зээл нь хэтэрхий бага санагдсан. Тиймээс бид илүү өргөн болгож, Монголынхоо кино урлагийг дэлхий дахинд таниулж, Монголын кино урлаг дэлхийн стандартад нийцсэн шүү гэдгийг харуулах зорилготой.
-Дэлхийн стандартад нийцсэн кинонуудаас нэрлэж болох уу?
-Хамгийн сүүлд “Ар хударга” гэдэг кино яг олон улсын Netflix, Hulu Plus зэрэг платформуудын хамгийн өндөр стандартад нийцсэн байх жишээтэй. Энэ бол манай кино урлагийн дэвшил, өндөр түвшинд хүрчээ гэдгийг харуулж байна. Гагцхүү юу дутаад байна вэ гэхээр зах зээл нь байхгүй. Тэр зүйлийг л бид нээж өгөхийг хүссэн. Бүх зүйлийг киночдын ашиг сонирхолд нийцүүлэн хийж байна. Бидний хэрэгжүүлж байгаа “Монгол кино” төслийн хүрээнд Монголынхоо кинонуудыг экспорт хийх, мөн 26 оронд байгаа 137 орчим мянган монголд өөрийнх нь орны кино урлагийн хөгжил дэвшил, кинонуудыг өндөр түвшинд цаг алдалгүй хүргэх зорилготой.
-Та шинээр гарсан сүүлийн үеийн кинонуудыг хэрхэн олж үздэг байв?
-Би АНУ-д гурван жил болсон л доо. Энэ хугацаанд Монголд шинээр гарч байгаа кинонуудын трейллерийг л олж үзэхээс өөрөөр үзэх ямар ч боломж байхгүй. Байгаа боломж нь зурагтаасаа шууд утсаараа бичиж авсан, эсвэл хулгайлж, алдагдсан маш муу бичлэгтэй кинонууд үздэг л байсан. Ингэхээр л гадаадад байгаа монголчууд өөрийн орны кино урлагийн талаар Монголын кино хэвээрээ л байна, байрнаасаа хөдөлсөнгүй, технологио шинэчлээсэй гэх мэтээр боддог. Тиймээс нэг талаараа, гадаадад байгаа монголчуудынхаа хүсэл эрмэлзэл хүлээлтэд тулгуурласан гэж хэлж болно.
-Киночид энэ санд өөрийн киногоо багтааж, дэлхийн тавцанд гаргахыг хүсвэл ямар нэг шалгуур тавих уу? Заавал HD форматтай байх ёстой гэдэг ч юм уу?
-Нэгдүгээрт, техникийн үзүүлэлтийг хангасан байх шаардлагатай. Үүнд H264 кодтой, Full HD, Stereo, 440 герц гээд олон стандарт байгаа. Мөн бид контентыг нь АНУ-ын зах зээлд гаргаж байгаа гэдэг утгаараа англи хадмал орчуулгатай байхыг шаардаж байгаа. Түүнээс хамгийн чухал нь олон улсын болон дотоодын оюуны өмчийн зөрчилгүй байх ёстой. Энэ хамгийн чухал. Кинондоо гадны ямар нэгэн дуунаас эффектээс нь бага зэрэг л ашиглахад Youtube ID санд нь бүртгэгдээд илэрчихдэг учраас боломжгүй байдаг. Энэ бол манай давуу тал. Хоёрдугаарт, уран бүтээлчид дараагийнхаа бүтээлийг хийхдээ дэлхийд таниулах том зах зээлээ бодоод ямар нэгэн гадны контентоос хулгайлах биш, жинхэнэ өөрсдийн цэвэр бүтээл хийж эхэлнэ. Ингэснээр шинэ стандарт тогтож эхэлж байгаа юм.
0 comments:
Post a Comment